Нийслэлийн Засаг даргын "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 29 ны өдрийн А/1008 тоот Захирамжаар "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан.
Энэ дагуу нийслэлийн 9 дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гудамж зам талбайн гэрэлтүүлэг хариуцсан 13 аж ахуйн нэгж, гэрэлтүүлгийн төрийн бус, гэрэлтүүлгийн нэгдсэн тулга системийн зохиогч зэрэг 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 4 сар ажиллажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаа өнөөдөр танилцууллаа.
Нийслэл, дүүргийн иргэдийн хурлын ажлын алба, дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоод, Гэрэлтүүлгийн ашиглагч 13 байгууллага, иргэдээс 317 байршилд гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, шинээр гэрэлтүүлэг хийх санал иржээ.Дээрх ажилд 4.8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2018 онд багтаан хэрэгжүүлэх боломжтой 108 байршлын 1,411 гэрэлтүүлгийг шинээр болон засвар шинэчлэл хийж бүрэн асаасан байна.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 19 байршилд 564 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээ хийжээ.
Нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гудамж зам талбайн 210 байршилд 14,200 метр кабель шинэчилж, 4,197 ширхэг гэрэлтүүлгийг шинээр болон засвар үйлчилгээ хийсэнбайна. Улаанбаатар хотын боловсрол, соёл, түүхийн дурсгалд газрууд болох Төв шуудан, Драмын театр, Монгол Улсын Их Сургуулийн 1-р байр, Эдийн засгийн сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Гандантэгчилэн хийд, Хөрөнгийн бирж, Спортын төв ордон, 1, 3 дугаар эмнэлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 11 барилгын фасадыг гэрэлтүүлэгтэй болгосон.
Мөн Түүхийн дурсгалд Соёмботой хөшөө, Мэлхий хөшөө, Д.Нацагдорж, Ж.Батмөнх, Махатма Ганди, жанжин Ж.Лхагвасүрэн, Марко поло, эвтэй 4 амьтны хөшөө зэрэг 11 хөшөөний гэрэлтүүлгийг хийв. Наадамчдын зам, Шарга морьт Хандгайт чиглэлийн ашиглалтын хугацаа дуусаагүй, 13.6 км урт замын гэрэлтүүлгийн ажлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан осол ихээр гардаг Наадамчдын замыг 100% гэрэлтүүлгийг асааж, Дамбадаржаагаас Хандгайт хүртэлх замын гэрэлтүүлгийн толгойг засварлан 90% асдаг болгосон байна.
Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс нийт 386 СӨХ-ны гадна гэрэлтүүлэг 2,770 ширхэг, дотор гэрэлтүүлэг 60,480 ширхэг, подвальд 27,700 ширхэг нийт 90,950 ширхэг гэрэлтүүлгийг шинэчлэн сольж сайжруулжээ. Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны харьяа 59 компанийн 1,588 барилгын 1,366 техникийн өрөө, узельд асахгүй байсан 220 ширхэг гэрэлтүүлгийг асаасан байна.
Энэхүү гэрэлтэй хот аяныг өрнүүлснээр Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг 2%-р нэмэгдүүлж 98%-аас дээш хувьтай гэрэлтүүлгийн асалт сайжирсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.