Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр"Одоогийн энэхүү тогтолцооны дагуу дөрөв ба зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна. Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Үүнтэй холбоотойгоор иргэд Одонтой ээжүүдэд олгох мөнгийг хасах гэж байна. Өөрсдөө тэрбум, тэрбумаар завшдаг байж одонтой ээжүүдээс мөнгө харамлалаа гэж шүүмжилж байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Би одонтой ээжүүдийн мөнгийг хасна гэж хэлээгүй. Та бүхэн миний яриаг бүтнээр нь үзээрэй. Харин ч мөнгийг нь нэмнэ. Одонтой ээжүүдэд олгож буй мөнгөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ мөнгийг нь багасгах биш, хүүхдийнх нь тооноос хамаарч нэмэх шаардлагатай. Одоо зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатай байвал ямар вэ гэдэг санал гаргаж байгаа. Жишээлбэл, зургаан хүүхэдтэй ээж 200 мянган төгрөг авах бол, долоон хүүхэдтэй ээжид 230 мянган төгрөг олгох гэх мэтээр шийдвэрлэхээр ярилцаж байна" гэсэн юм.
Энэхүү өөрчлөлт оруулах шаардлагыг хүн амын өсөлт, насны ангилалтай холбон тайлбарлалаа. Одоогоор манай улсын хүн амын өсөлт 2.1 хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байгаа. Сүүлийн 10 жилийн өсөлтийг харахад хүн амынх 16 орчим хувьтай байхад, ахмад настны өсөлт 21.9 хувьтай байгаа нь зайлшгүй хүн амын өсөлтдөө анхаарах шаардлагатай байгаа аж . Түүнчлэн ойрын 10 жил төрөлтийн хамгийн идэвхтэй хугацаа байх гэнэ. Тийм учраас төрөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажиллаж байгаа аж. Үүний нэг нь одонтой ээжүүдийн мөнгийг шатлалтайгаар нэмэх юм байна.
Энэ талаар тэрээр үргэлжлүүлэн “Шатлалтай гэдгийг бас буруу ойлгов. Одоо байгаа 218 мянган эх хэвээрээ байна. Тэдэнд олгож байгаа мөнгө нь ч буурахгүй. Харин хүүхдийнх нь тоогоор үечлэн нэмбэл яах вэ гэж ярьж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын түвшинд танилцуулаагүй байна. 1990 оноос өмнө яг ийм шатлалтай мөнгө олгодог байсан. Өөрөөр хэлбэл, гурван хүүхэдтэй ээж дөрөв, тав дахь хүүхдээ төрүүлбэл төрүүлсэн хүүхэд бүрт нь мөнгө олгодог байсан. Бид тэр тогтолцоог хамгийн зөв тогтолцоо гэж үзээд нэмэх саналтай байгаа” гэлээ.
Өдгөөгөөс арван жилийн өмнө буюу 2008 оны байдлаар 70 орчим мянган эх төрсөн бол 2018 онд 78 мянган эх төржээ. Ингэхээр ойрын 10 жилд хүн амын төрөлт нэг шугамд үргэлжилсэн байна. Дэлхийн бусад улсад хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлдөг. Энэ тогтолцоог нэвтрүүлэхээр мөн яамнаас судалж байгаа гэнэ. Түүнчлэн олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцанд оруулахаар судалж байгаа юм байна.
Нэмж мэдээлэхэд, манай улс одонтой ээжүүдийн тэтгэмжид 2006 онд 4.9 тэрбум төгрөг зарцуулсан бол өнгөрсөн онд 30 орчим тэрбум төгрөг зарцуулсан. 2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байжээ. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар” I одонтой 66768, II одонтой 147339 эх байна” гэлээ.