Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Чинхуа" группээс цахилгаанаар хангагддаг. Гэтэл тухайн сумдын хэрэглэгчдийг олон хоногоор удаа дараа цахилгаан хязгаарлах асуудлууд гарсан ба уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын "Чинхуа" группийн удирдлагуудтай Цэхэ боомтод уулзаж баруун сумдын 20000 орчим хэрэглэгчийг тог цахилгаанаар тасралтгүй хангах талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд БНХАУ-ын "Чинхуа" группийн дэд захирал Гао Бо, Монгол Улсын “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Жаргалсайхан нар шуурхай ажиллагааны зааварчилгааг байгуулсан байна. Ингэснээр тухайн сумдын хэрэглэгчдийг цахилгаанаар тасралтгүй хангах, гэмтэл саатал гарахад шуурхай ажиллаж үйл ажиллагааг хэвийн явуулах, улмаар хамтын ажиллагааг сайжруулж Ноён, Гурвантэс, Сэврэй сумын хэрэглэгчдийг цахилгаанаар тасралтгүй хангахад шуурхай ажиллахаар боллоо.

















