2019 оны гурав дугаар улиралд БНСУ-ын Хууль зүйн яамнаас 30 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Монгол Улсын Засгийн газар /ХНХЯ/, БНСУ-ын Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна. БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг илгээх ажил 13 шат дарааллын дагуу явагддаг билээ. Үүний нэг шат болох болох Цахим визийн зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалган тус улсад нэвтрэх эрх олгодог бөгөөд 2019 оны гурав дугаар улирлын байдлаар 30 иргэнд виз олгохоос татгалзсан хариу иржээ. Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан нийтлэг шалтгаануудыг бүлэглэж графикаар харуулав. Цахим визийн зөвшөөрөл авсан иргэд дараагийн шат болох эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагддаг бөгөөд 2019 оны хоёр дугаар улирлын байдлаар ЭМДҮШ-д 3 (Сүрьеэ-0, Тэмбүү-3) иргэн тэнцээгүй байна. Дээрх шалтгаануудаас үүдэн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулахад:
- БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэн ажлын саналаа хүлээж буй иргэд БНСУ-ын Элчин сайдын яаманд визийн шаардлага хангахгүй материал бүрдүүлснээс татгалзсан хариу авч байсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул иргэн Та аяллын болон бусад төрлийн виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөхгүй байх, мөн аяллын визээр зорчиж буй иргэд 90 хоногийн хугацааг тулгаж аялахгүй байх.
- Тус Улсад зорчих болон ажиллаж амьдрах хугацаандаа хулгай, танхай, залилангийн хэргүүд үйлдэж торгууль төлж, шийтгэгдэж байсан иргэдэд цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул БНСУ-ын хууль, дүрэм журмыг чандлан сахиж зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
- Цахим визийн зөвшөөрөл ирсэн хэдий ч Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцээгүй ажил хайгч нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломжгүй байдаг тул Сонгон шалгаруулах “Онооны тогтолцоо”-ны хугацаанд эрүүл мэнддээ “ОНЦГОЙ” анхаарна уу.
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС