Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өнөө өглөө /2022.03.10/ гарлаа. Консерватив сөрөг хүчний намаас Юн Сук Ёл, Либерал ардчилсан намаас Ли Жэ Мюн нар үзүүр, түрүү булаалдан ширүүхэн өрсөлдсөний эцэст Юн Сук Ёл 0.73 хувийн зөрүүгээр ялалт байгуулжээ.
Тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос мэдээлснээр, Юн Сук Ёл 48.56 хувийн санал, Ли Жэ Мюн 47.83 хувийн санал тус тус авсан байна. Өрсөлдөгчдийн хооронд 0.73-хан хувийн зөрүү гарсан нь урьд өмнө байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль боллоо. Эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мюн ялагдлаа хүлээн зөвшөөрч, Юнд баяр хүргэв.
Ийнхүү Юн Сук Ёл сонгогдсон нь Өмнөд Солонгосын цаашдын гадаад бодлого, тэр дундаа Хойд Солонгостой харилцах харилцаа, нийгмийн халамж, үл хөдлөх хөрөнгийн бодлого зэрэгт ихээхэн өөрчлөлт авчирч магадгүй юм. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын талаар хатуу байр суурь баримталж ажиллахаа мэдэгдсэн. Тухайлбал, Хойд Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг улсдаа байрлуулах амлалт өгчээ. Мөн ерөнхийлөгч асан Мүний засгийн газрын хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг гэж хэлж болох үл хөдлөх хөрөнгийн бодлогыг голчлон анхаарч ажиллана гэв.
Энэ амлалтынхаа хүрээнд ирэх таван жилд 2.5 сая орон сууц нэмж нийлүүлэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн татварыг бууруулахаа амласан байна. Түүний амлалтууд дундаас хамгийн их маргаан дагуулж буй нь Хүйсийн эрх тэгш байдал, гэр бүлийн яамыг татан буулгах бөгөөд түүний оронд хүүхэд, гэр бүл, хүн ам зүйн асуудалд чиглэсэн шинэ яам байгуулна гэж хэлжээ.