НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Ази дахь айлчлал Япон улсаас эхэлнэ. Тэрбээр маргааш /2022.08.04/ Япон улсыг зорих ба Хирошимад жил бүр болдог энх тайвны дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох юм. Энэхүү ёслол нь наймдугаар сарын 6-нд болдог уламжлалтай.
Японд айлчилсны дараа Монгол, Өмнөд Солонгос улсуудад хүрэлцэн ирнэ гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.
Гутерриш Японд байх хугацаандаа ерөнхий сайд Фүмио Кишида тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтантай уулзана. Мөн Хирошима, Нагасаки хотуудад айлчилж, атомын бөмбөгдөлтөд өртөж амьд үлдсэн хүмүүстэй уулзах юм. Энэ хүрээнд цөмийн зэвсгийг хураах, түгээн дэлгэрүүлэхгүй байх гэх мэт асуудлаар санаачилга гаргаж буй залуу идэвхтнүүдтэй уулзана.
Тэрбээр Монгол Улсад айлчлах үеэрээ “Нэг тэрбум мод” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, нийслэл Улаанбаатар хотод болох мод тарих ёслолд оролцоно. Цөмийн зэвсгээс ангид гэдгээ зарлаж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах амлалтаа харуулсан Монгол Улсад Антонио Гутерриш айлчилна гэж “The statesman” хуудас онцолжээ. Түүнчлэн тэрбээр нүүдэлчин айлд зочилж, ахуй амьдралтай нь танилцах аж.
Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол дахь айлчлалынхаа дараа наймдугаар сарын 11-нд БНСУ-ыг зорино. БНСУ дахь айлчлалын нарийн төлөвлөгөө хараахан гараагүй байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.