МҮБХ: 650 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний цомын төлөөх барилдаан зохион байгуулна

A- A A+
МҮБХ: 650 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний цомын төлөөх барилдаан зохион байгуулна

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, SPS HD телевиз хамтран  “Үндэсний цомын төлөөх багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар болжээ. Тус багийн барилдаан нь 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын багийг хамруулах гэнэ. 

 

Монгол үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх,  үндэсний спортын топ контентийг бий болгох юм. Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож энэхүү спортыг цэвэр, шударга, өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар хүргэхэд барилдааны зорилго оршино. 

 

Уг төсөл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багийн 52 барилдааныг зохион байгуулж, Үндэсний цомын аварга багийг тодруулна. Нийт шагналын сан 650 сая төгрөг байна.

 

SPS HD телевиз барилдааны шүүлтэд удаашруулах төхөөрөмжийг туршин нэвтрүүлж, үндэсний бөхийн шууд дамжуулалт, тайлбар, статистик бүртгэлийг шинэ түвшинд гаргах гэнэ. 

 

Цомын төлөөх барилдаан явагдах дүрэм 

 

Баг тус бүр үндсэн таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчинтай байна.

Урьдчилсан шат

Оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзнэ.

Энэ шатанд хоёр ялалт авсан шилдэг найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна.

Тойргийн барилдаан

Тойргийн барилдаанд шалгарсан баг бусад долоон багтайгаа тойргоор барилдана.

Хожсон баг 3 оноо авах бол хожигдсон баг 1 оноо авна. 

 Тойргийн барилдаан дуусахад хамгийн олон оноо цуглуулсан баг “МҮБХ” Үндэсний цомын ялагчаар тодорно.

Барилдаан болох хугацаа

Тэгш тоотой сар бүрийн эхний 12 хоногт “МҮБХ” Үндэсний цомын барилдаанууд Монгол бөхийн өргөөнд болно.

Тусгай дүрэм

Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут байна. Энэ хугацаанд багтаж барилдаанаа дуусгавал давааны мөнгөө бүрэн авна. Харин барилдааны хугацаа 8 минутаас хэтэрвэл давааны мөнгө шатлан хасагдана.