Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх газартай хамтран “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТАНАА” гарын авлага гаргасан. Уг гарын авлагад нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч бүрдүүлэх баримт бичгээ хаанаас хэрхэн авах талаар зааварчилгаа оруулжээ. Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах, сонгуулийн зардлаа тайлагнах зааварчилгаа болон сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Цахим системд нэр дэвшигч бүртгүүлэх зааварчилгааг гарын авлагаас авах боломжтой.
Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан. Дэмжигч сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийх, нэгтгэх талаарх зааварчилгааг оруулсан.
Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд танхимын сургалт зохион байгуулсан. Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газартай хамтран нам, эвслүүдийн төлөөлөлд 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр, бие даан нэр дэвшүүлэгч нарт тавдугаар сарын 10-ны өдөр танхимаар сургалт, мэдээлэл хийж, бүрдүүлэх баримт бичиг, нэр дэвшигчээр бүртгүүлэх зааварчилгааг өгсөн юм.
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг) 2024.5.14- нөөс 2024.5.20- ныг дуустал хугацаа юм.