Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олголоо.
Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 69.85 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулсан. Энэ нь зохион байгуулалт болон эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 30-нд хуралдаж, санал хураалтын дүнд үндэслэж, тойрог тус бүрд хамгийн их санал авсан нийт 78 нэр дэвшигч, мөн нам, эвслийн дүнд үндэслэж 48 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцож, үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа.
Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэн бол Үндсэн хууль, ардчиллын баталгаа юм. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг хүлээж, хуульд заасны дагуу үүрэг хариуцлагатай байхыг нийт гишүүдээсээ хүсэж байна” хэмээн ярив.