Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бүх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, сонгогчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад хамтран ажиллахаар улс төрийн намуудын төлөөлөлтэй өнөөдөр (2024.05.16) уулзлаа.
Уулзалтаар сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэл түүний системийн үйл ажиллагаатай танилцах, хөндлөнгийн хяналт хийх, сонгуулийн бэлтгэл ажлын явцыг сайжруулах болон сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг өргөн хүрээнд зохион байгуулах, сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган туршихад хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэл түүний системийн үйл ажиллагаатай танилцахаар намуудын төлөөлөл Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган туршихад ажиглагчаар оролцуулахаас гадна уг системийн эх код (Source Code)-ыг нийтэд нээлттэй байршуулах саналыг зарим намын төлөөлөл гаргасан юм.
Нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр гаргаж буй санал, санаачилга, шаардлагыг дэмжиж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар илэрхийллээ.