Д.АМАРТҮВШИН: Лу.Гантөмөр дарга ярьсан, амласанаасаа буцсан тул бид нэрээ татаж байна

A- A A+
 Д.АМАРТҮВШИН: Лу.Гантөмөр дарга ярьсан, амласанаасаа буцсан тул бид нэрээ татаж байна

Либерти намыг улсын дээд шүүх бүртгээгүй тул УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам /АН/-тай хамтарч оролцохоор болсон. Ингэхдээ Либерти намын дарга Д.Амартүвшинг Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшүүлж, мөн тус намын хоёр гишүүнийг АН-ын жагсаалтад багтаах тохиролцоо хийсэн байжээ. Гэвч хэлсэндээ хүрээгүй тул нэрээ татаж байгаагаа өнөөдөр  мэдээллээ.

Тэрээр "2024 оны сонгуульд үзэл санаа үйл хэргийнхээ төлөө АН-тай хамтарч сонгуульд оролцохоор болсон. Лу.Гантөмөр даргын хувьд ярьсан тохирсон амлалтаасаа буцсан тул бид нэрээ татаж энэ сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. 

-Тойрог дээр хүмүүстэйгээ уулзаад яагаад чөлөөт зах зээл байх ёстой вэ, яагаад татвар ийм өндөр байна вэ, яагаад бид данхар төртэй байна вэ, энэ нь эргээд бидний эдийн засгийг, амьдралыг боомилж байна шүү гэдгийг нүүр нүүрээ хараад ярилцах нь чухал байлаа. Сүхбаатар дүүрэгт жижиг дунд үйлдвэрийн зээл авсан, цүнх барьдаг, эрх чөлөөнд халтай хүмүүс нэр дэвшиж байгаа тул байх ёстой газар нь тавьж, хүчийг үзье гэж бодож байсан.

Гэтэл Даваа гаригийн шийдвэрээр боломжгүй боллоо. Бид листэнд орох сонирхолгүй байна.

"Угжны хурга" биш, тойрог дээр очоод нөгөө хүмүүстэй өрсөлдье гэсэн ч болсонгүй. Бид листнээс нэрээ татаж байна. Ямартай ч боломж олгосон хүмүүст баярлалаа. Монголд үзэл санааны манлайлал хийх маш том орон зай байгааг ойлголоо. Үзэл санаа, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө ярьдаг тэр орон зай атаршсан байна. Энэ талбар руу явж, манлайлж, улс төр хийх чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Маш олон зүйлийг ойлгож авлаа" хэмээн мэдэгдлээ