АН-ын ҮБХ-ны зарим гишүүн төдийгүй жирийн гишүүд дэмжигчид нь намынхаа байрны гадна суулт зарлаж эхэллээ. Тэдний хувьд ҮБХ-ны хурлаас баталсан албан ёсны тогтоолд өөрчлөлт оруулж, намаа хагалан бутаргасан Л.Гантөмөрийг эсэргүүцэн ийнхүү жагсаад байна. Учир нь намын дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүн хүнийг бус тавхан хоногийн өмнө АН-д элссэн хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болсон, ҮБХ-ны тогтоолд засвар оруулж, өөрчилсөн зэрэг үйлдлийг нь буруушааж байна. Энэ тухайд АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Өлзийбаяр “Манай намын дарга нар сонгууль болохоор намаа зарж иддэг. Хэдэн бөгс бөөрнүүдээ жагсаалтад оруулдаг байдал давтагдлаа. АН өнгөрсөн найман жилд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаагүй. Намын даргаар сүүлд сонгогдсон Л.Гантөмөр ялах стратеги нэгийг ч яриагүй. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрын асуудлыг нийгэмд гаргаж шидээд байгаа юм. Гэтэл энэ хоёр бол АН-ын бодлогыг УИХ-д хэрэгжүүлж чадах хүмүүс. Гэтэл хооронд нь алалцуулаад байгаа юм. Учир нь энэ хоёрын квотын нэгийг өөрсдийн хүмүүст өгч чихэлдүүлээд, хооронд нь алалцуулаад байгаа юм. Манай намын жагсаалтыг харвал залуучууд, эмэгтэйчүүдээ бүр хойш бичсэн. Сонгууль эхэлчихээд байхад намын байр эзгүй байна. ҮБХ-ны хурлаас хойш зургаа хонож байхад нэр дэвшигчдээ зарласангүй. Тэр бүү хэл, намын дарга намаа хаяад гадаад руу зугтчихлаа. Дайн болж байхад цэргүүдээ хаяад зугтдаг дарга гэж байдаг юмуу. Л.Гантөмөр дарга шалдан байна, зориггүй байна. Сөрөг хүчний намын даргынхаа ажлыг хийхийн оронд үймээн самуун, үл ойлголцол бий болгож байна. Сонгуульд ялах гэж оролцох ёстой байтал ойр дотнын хэдэн хүнээ жагсаалтад оруулаад, нэр дэвшигчдийн нэрсийг сольж, намын гишүүдээ хагаллаа” гэлээ. Мөн намд насаараа зүтгэсэн хүмүүсээ биш тавхан хоногийн өмнө намын гишүүн болсон хүнд нэр дэвших мандат өгч байгаа нь шударга бус байна гэдгийг хэлээд сонгууль болох гэж байхад АН хаалттай, эзэнгүй байгааг хэллээ.
- 2024-07-01