Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болж өндөрлөв. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр өрсөлдөгчдөө ялж, “Монголиа Опен”-д сүүлийн таван жил дараалан түрүүлж байна. Тэмцээний 65 кг-ын жинд 2017 оны залуучуудын Азийн аварга Японы Риома Анраку аваргаллаа. “Монголиа Опен”-д анх удаа оролцсон “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Тэнгис мөнгө, Б.Нэмэхбаяр, Т.Тулга нар хүрэл медаль хүртсэн бол 86 кг-ын жинд монголчууд босоо гэдгээ харуулсан юм.
“Монголиа Опен”-д хараахан түрүүлээгүй байсан Монгол Улсын тамирчин О.Үйтүмэн анхны алтан медалиар энгэрээ мялаав. Өнгөрсөн жилийн энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Г.Ганхуяг дахин үзүүрлэсэн бол Б.Нямбаяр, Э.Батмагнай нар хүрэл медалийн эзэн боллоо. 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ө.Батзул мөн л анх удаагаа аваргалав.
Харин эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд “Хангарьд" спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Чимгээ тус тэмцээнээс анхны алтан медалиа хүртлээ. 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн урамтай сайхан барилдаж түрүүлэв. Дэлхийн аваргын хүрэл медальт бөх Б.Шоовдор 59 кг-ын жинд алтан медалийн эзэн боллоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хамгийн цөөн буюу долоон бөх хоёр хэсэгг хуваагдан барилдаж, хэсэг тус бүрээс хоёр тамирчин хагас шигшээд өрсөлдсөн. Алтан медалийн төлөөх барилдаанд “Аврагч” клубийн Х.Болортуяа, “Хилчин”-ий З.Болортунгалаг нар шалгарч, өнгөрсөн жилийн аварга З.Болортунгалаг өрсөлдөгчөө 5:0-ээр ялснаар “Монголиа Опен”-ы хошой аварга боллоо. Тэмцээний 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа алтан медаль хүртсэн юм. Энэ жинд монголчууд хоорондоо учраа таарч, мөнгөн медалийг “Апдар”-ын Г.Ариунжаргал, хүрэл медалийг “Хангай хайрхан уул” клубийн Н.Загардулам, Сэлэнгэ аймгийн Ц.Хулан нар хүртлээ.