ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ.
Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн байна. Онгоцны үйлчлэгч Максим Моисеев шатаж буй агаарын хөлгөөс зорчигчдыг гаргаж, амь насыг нь аврахын тулд онгоцны хаалгыг онгойлгохыг оролдон, улмаар амиа алдсан талаар нисэх багийн гишүүд ТАСС-т мэдээлжээ. Мөн амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.
"SSJ-100" зорчигч тээврийн онгоцны осолтой холбоотойгоор ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зорчигчдын ойрын хамаатан, төрөл төрөгсдөд мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 8-800-775-17-17 дугаарын утас ажиллуулж эхэлсэн байна.
Эмнэлгийн арав гаруй ажилтан Мурманскийн нисэх онгоцны буудалд хохирогчдын төрөл төрөгсөд болон бэртэж гэмтэгсдэд тусламж үзүүлэн ажиллаж буй талаар Мурманскийн бүс нутгийн Эрүүл мэндийн сайд Дмитрий Панычев мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, тэдэнд туслах, ослын шалтгааныг сайтар тогтоохыг үүрэг болгожээ.
Ослын газарт Оросын тээврийн хяналтын газар, прокурорын газар, Мөрдөн шалгах хорооны шинжээчид ажиллаж байгаа аж.