Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг тав дахь жилдээ "Хүй долоон худаг"-т маргааш /2019-05-24/ зохион байгуулагдах гэж байна. “Эрүүл иргэн-эко хөгжил 2019” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон тус дүүргийн Биеийн тамир, Спортын хороо болон Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох аж. Тус өдөрлөгийн үеэр 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт буухиа багийн тэмцээн, сонирхогчдын дугуйн марафон, сонирхогчдын ойрын зайн гүйлт зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдах бөгөөд байр эзэлсэн сурагчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм байна.
“Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөгийг ирэх жилд нийслэлийн дүүрэг бүрээс хүүхэд багачуудыг хамруулахаар төлөвлөжээ.