БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулсан “Хөх хот-2019” тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өчигдөр барилдаж, мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ “Хөх хот- 2018” гран пригаас алтан медаль хүртэж байсан бол, энэ жил "Хөх хот-2019” гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт 24 бөх барилдаж, Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдан мөнгөн медаль авсан бол Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртэв.
Хөх хотын гран прид Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Азийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр нар барилдаж ялагдан, тэмцээнээ дуусгаснаар Монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарлаа.