МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮТЭЭЛҮҮД ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХООР БОЛЛОО

A- A A+
МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮТЭЭЛҮҮД ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХООР БОЛЛОО

Европт зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг Олон Улсын Дүрслэх Урлагийн зуны үзэсгэлэн нь энэ жил 21 дэх удаагаа уламжлал ёсоор ХБНГУ-н Бюделсдорф хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. НордАрт2019-д манай уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд 5 дахь жилдээ толилуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.

Хилийн чанадад уран бүтээлчиддээ гүүр болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг Норд Арт үзэсгэлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны түншээр үргэжлүүлэн амжилттай ажиллаж байна.

ХБНГУ-ын Шлесвиг-Хольштайн мужийн өдөр тутмын хэвлэл дээр Монгол уран бүтээлчид болон тэдний уран бүтээлүүдийн тухай нийтлэл хэвлэгдсэнийг уншигч танаа хүргэж байна.

Урт замыг туулсан урлагийн гайхалтай бүтээлүүд

21 дэх удаагийн НордАрт Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун бүтээлийн хур буусаар байна. Алс холын Монголоос Бюделсдорф хот хүртэл 9000 километр үргэлжлэх асар урт аян замыг туулсан урлаг сонирхогчдын мэлмийг баясгах Монгол бүтээлүүд иржээ. Олон Улсын шүүгчдийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн манай 23 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг ХБНГУ-н тээвэр зуучлалын „Милитцер & Мюних“ концерний 40 тоннын даацтай ачааны машин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-аар дамжин тээвэрлэж, Бюделсдорф хот дахь „НордАрт“ Олон Улсын үзэсгэлэнгийн талбайд улаан өндөгний баярын өглөө авчирсан байна. Ачааны машин маань Белорусийн хил дээр улаан өндөгний баярын улмаас 4 хоног саатсан гэж Монголын павильоныг хариуцсан куратор О.Оюунтуяа ярьсан юм. Тэрээр уран бүтээлүүдийг тээвэрлэхэд МУ-ын ГХЯ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин Сайдын Яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс үзүүлсэн туслалцаа дэмжлэгийг онцлон дурдав.