АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Япон улсад хийсэн төрийн айчлал мягмар гарагт өндөрлөсөн. Энэ удаагийн айлчлалыг үр дүнтэй, амжилттай болсон гэж Цагаан ордны тэргүүн дүгнэлээ. Хэд хэдэн асуудлаар Вашингтон болон Токио амжилтад хүрч чадсаныг ноён Трамп өөрийн твиттертээ жиргэжээ.
“Япон улсад онцгой амжилттай айлчлаад ирлээ. Олон асуудлаар үнэмлэхүй амжилт гаргасан. Шинзо Абэ гэх гайхалтай удирдагчтай аугаа улс орон!” гэж Цагаан ордны тэргүүн жиргэсэн байна.
Мягмар гарагт төрийн айлчлалын сүүлийн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтаар Токиогийн буланд байрлах Ёкосүка цэргийн баазад зочилж, Япон улсын зэвсэгт хүчний байлдааны хамгийн том хөлөг онгоц болох нисдэг тэрэг тээвэрлэгч “Кага” хөлөг онгоц дээр зочилсон. Вашингтон болон Токио хоорондын цэргийн эвсэл урьд хожид байгаагүй хамгийн бат бэх түвшинд хүрснийг талууд энэ үеэр онцолсон. Мөн Ёкосүка цэргийн баазад АНУ-ын зэвсэгт хүчний Wasp десантын зориулалт бүхий хөлөг онгоцонд зочилж, Америкийн цэргийн алба хаагчидтай уулзсан.
Мөн даваа гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсын 126 дахь эзэн хаан Нарухитод бараалхсан. Ингэснээр энэ сарын 1-ний өдөр Япон улсын эзэн хааны суудалд суусан Нарухито хаанд бараалхсан гадаадын улс орны анхны төрийн тэргүүн болсон юм.
Япон улсын Ерөнхий сайдын Иранд айлчлах тов тодорхойгүй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр олон улсад нэн тулгамдсан олон асуудлаар талууд байр суурь солилцсоны дунд Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудал багтсан. Трамп Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө л Япон улс АНУ болон Иран улстай аль алинтай нь найрсаг харилцаатай, тиймээс хоёр улс хооронд хурцдаад байгаа маргааныг шийдвэрлэх зуучлагчийн үүрэг гүйцэтгэж магадгүй гэх мэдээлэл цацагдсан. Улмаар айлчлалын дүнд Япон улсын Ерөнхий сайд Иран улсад ажиллах эсэх шийдвэр гарна гэж Японы хэвлэлүүд мэдээлж байсан. Токио хотноо болсон Абэ, Трамп нарын уулзалтын үеэр энэ асуудлаар Трамп ноён Абэгийн санаачилгыг дэмжсэн. Гэхдээ одоогоор Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Иран улсад хийх айлчлалын тов хараахан тодорхой болоогүй байна.
Япон улсын Засгийн газар Вашингтон болон Тегеран хооронд хурцдаад байгаа нөхцөл байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гарган ажиллахаар төлөвлөсөн гэдгийг өнөөдөр Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ёшихидэ Сүга мэдэгдлээ.
Энэ ч зорилгоор Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Иран улсад айлчилна гэдгийг ч тэрээр хэллээ. Гэхдээ айлчлалын товыг зарласангүй.
Японы Kyodo мэдээллийн агентлагийн дамжуулснаар, өнгөрсөн баасан гарагт Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтонтой хийсэн уулзалтаар ноён Абэгийн Иран улсад ажиллах асуудлаар талууд санал солилцжээ.
Үүнээс өмнө 5-р сарын 16-ны өдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нийслэл Токио хот дахь албан өргөөндөө Иран улсын Гадаад хэргийн сайд Жафар Зарифыг хүлээн авч уулзсан. Вашингтон болон Тегерантай аль алинтай нь найрсаг харилцаатай учир энэ давуу талаа ашиглан, хоёр улс хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж магадгүй гэж Kyodo агентлагийн шинжээч онцолсон юм.
Мөн Японы тус агентлагийн мэдээлснээр ноён Абэ энэ оны 6-р сарын 12-14-ний өдрүүдэд Иран улсад айлчилж магадгүй. Япон улсын Засгийн газрын тэргүүн хамгийн сүүлд 1978 онд Тегеранд хөл тавьж байжээ.