Ши Жиньпин, Владимир Путин нар 30 гаруй баримт бичиг үзэглэнэ

A- A A+
Ши Жиньпин, Владимир Путин нар 30 гаруй баримт бичиг үзэглэнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилна гэсэн мэдээлэл лхагва гарагт ил болсон. Ирэх сард хийх төрийн айлчлалын хүрээнд хоёр их гүрний лидер 30 гаруй баримт бичиг үзэглэх талаар өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чан Хан Хвэй мэдэгдлээ. Мөн хоёр улс хооронд эдгээр баримт бичгийг бэлтгэх хэлэлцээр үргэлжилж байгааг ч хэллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын эхээр ОХУ-д төрийн айлчлал хийнэ гэдгийг өнөөдөр өглөө болсон урд хөршийн ГХЯ-ны сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр тэмдэглэлээ. Ойролцоогоор 30 гэрээ хэлэлцээр, санамж бичиг үзэглэнэ. Одоогоор гэрээний тоо болон үнийн дүн зэргийг тодорхой хэлэх боломжгүй гэлээ.

Учир нь хоёр улс хооронд уулзалт хэлэлцээр үргэлжилж байгаа. Тэдгээр баримт бичгийн нөхцлүүдийг зөвшилцөх шатандаа явж байгаа гэсэн тайлбар хийжээ.

Ноён Чан Хан Хвэйгийн мэдэгдсэнээр, айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтарсан хоёр ч тунхаг гаргах юм байна. Эхнийх нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаатай холбоотой байх бол, хоёр дахь нь олон улсад үүсээд буй нөхцөл байдал болон стратегийн тогтвортой байдалтай холбоотой байх гэнэ.

Харин үзэглэх хоёр их гүрний хамтын ажиллагааны баримт бичгийн хувьд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг салбаруудыг хамрах юм байна.

**

Бээжин болон Москвагийн харилцаа, хамтын ажиллагаа гуравдагч орны эсрэг чиглээгүй гэдгийг БНХАУ-ын ГХЯ онцоллоо. Хоёр улсын харилцаа харин гуравдагч орны зүгээс тус хоёр улсад ирж болзошгүй аюул заналхийлэлд хамтын хүчээр сөрөн зогсож, хариу үйлдэл үзүүлэхэд чиглэсэн гэдгийг тэмдэглэлээ.

Өнөөдөр олон улсын тавцанд удирдлагын тогтолцоонд үлэмж өөрчлөлт бүртгэгдэж байна. Дэлхийн өөр өөр бүс нутагт дайн дажин, зэвсэгт тулаан үргэлжилж, хүн төрөлхтөн олон саад бэрхшээл, аюул заналхийлэлтэй нүүр тулж байна. Гэхдээ эдгээрийг үл харгалзан БНХАУ болон ОХУ-ын харилцаа хамтын ажиллагаа эрүүл хөгжлийн чиг замыг дагаж байгаа бөгөөд боловсорч, тогтворжиж, эрч хүчээр цэнэглэгдэж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ.

Олон улсын тавцанд ОХУ болон БНХАУ идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улсын эрхзүйн хэм хэмжээнд суурилан НҮБ тэргүүтэй тогтолцоо дэлхий дахинд энхтайван байдал, шударга ёс тогтоохын төлөө ажиллаж байгааг дэмжин сайшааж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн, хамтран ажиллаж байгаа гэдгийг Хятадын дипломатч тэмдэглэлээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сард ОХУ-д хийх төрийн айлчлалын хүрээнд Оросын хоёр хотод айлчлах юм байна. Нийслэл Москва хотод төрийн айлчлал хийх бөгөөд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор "хойд нийслэл" гэгдэх Санкт-Петербург хотыг зорих юм байна. Тус айлчлал Орос-Хятадын харилцаа хамтын ажиллагаанд шинэ хуудас эргүүлэх бөгөөд хамтын ажиллагааны хөгжлийг эрчимчүүлэхээс гадна цаашлаад олон улсад энхтайван, тогтвортой байдал тогтооход ч түлхэц үзүүлсэн, үр өгөөжтэй айлчлал болно гэдэгт Бээжин итгэлтэй байна.

2013 оноос хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар нийт 28 удаагийн уулзалт хийжээ. Ингэхдээ хоёр талт болон олон талт уулзалт, арга хэмжээний үеэр уулзаж байсан байна. Эдгээр уулзалтын дүнд албаны төдийгүй хувийн, мөн найрсаг харилцаа тогтоож чадсан гэдгийг ч Бээжин тодотголоо.

БНХАУ болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Тиймээс БНХАУ-ын дарга Ши Жиньпины айлчлалын үеэр тус ойд зориулсан баярын хэд хэдэн арга хэмжээ төлөвлөгджээ.