Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит тэмцээн маргааш эхэлнэ

A- A A+
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит тэмцээн маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн маргааш буюу 2019 үны 6 дугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн , Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат болон БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, тэмцээний шүүгчид, тэмцээнд оролцож буй Зэвсэгт хүчний ангиуд, баг тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно. Тус тэмцээнд Зэвсэгт хүчний баг, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн баг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 8 байгууллагын тамирчид эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөх юм. Энэхүү нэрэмжит тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд байнгын бүрэлдэхүүний салаа, хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын багууд оролцохоороо онцлог юм. Түүнчлэн уг тэмцээн нь үндэсний аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулсан төрийн тусгай албан хаагчид мэргэжлийн дадлага туршлага солилцох, харилцан гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлж, салбар хоорондын үйл ажиллагааг таниулан, хамтран ажиллахад чухал ач холбогдолтой бөгөөд 2019 оны 6-р сарын 5-нд өндөрлөж дүнгээ гарган шилдгүүдээ тодруулах юм. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 311-р ангид “Цэргийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-г гардуулах юм байна.