Хятадын Huawei компани Америк ажилтнуудаа халсан талаар Financial Times мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын компани болон түүний 68 салбар бөгөөд охин компанийг хар жагсаалтандаа нэмсэн үйл явдлын дараа Huawei компанийн удирдлагууд холбогдох шийдвэр гаргажээ. Шэньжэнь хот дахь салбарт ажиллаж байсан Америк мэргэжилтнүүд эх оронд нь буцаасан гэж Financial Times мэдээллээ.
Huawei компанийн Судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлсэн ажлын хэсгийг яаралтай тараажээ. Тус багт Америкийн мэргэжилтнүүд багтаж байсан бөгөөд Америк ажилтнууд өөрсдөө тус үйлдвэрийн байгууламжийг орхих хүсэлт гаргасан байна.
Мөн Хятад болон Америк дахь салбар үйлдвэр, дэлгүүр хоорондын харилцаа холбоог тогтворжуулахын тулд Huawei компани олон хоногийн хугацаа зарцуулжээ. Хятадын компанид дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалахын тулд Америкийн нийлүүлэгч компаниуд Засгийн газраасаа зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм. Huawei корпорац өөрийн ажилтнууд болон Америк иргэд хоорондын харилцаа холбоог хязгаарлах тал дээр ажиллаж байгааг компанийн удирдлагууд мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 15-ны өдөр улс орны мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадны улс орны аюул заналхийллээс хамгаалахын тулд онц байдал тогтоосон зарлиг баталсан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Худалдааны яам 5-р сарын 17-ны өдөр Huawei компанийг хар жагсаалтад багтаасан. Мөн өнгөрсөн оны 8-р сард Трамп Ерөнхийлөгч Засгийн газрын харъяа бүх байгууллагад Хятадын Huawei болон ZTE компанийн үйлдвэрлэсэн тоног, төхөөрөмжийг ашиглахгүй байхыг үүрэг болгосон юм.
Huawei компани АНУ-ын эрх баригчдын тус шийдвэрийг өөрийнх нь хууль ёсны эрх, эрх ашгийг ноцтой зөрчсөнд буруутгасан. АНУ-ын энэ шийдвэр үүрэн харилцаа холбооны 5G сүлжээг хөгжүүлэхэд чөдөр тушаа хийж байгаа үйлдэл гэж тодорхойлсон юм.