Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ирэх долоо хоногт Иранд айлчилна. Албаны хүмүүс энэ сарын 12-ноос гурван өдөр үргэлжлэх айлчлалын сүүлчийн бэлтгэлийг хийж буй юм байна. Энэ тухай Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшида Суга пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Абэ Шинзо, Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы, дээд удирдагч Аятолла Али Хаменей нартай уулзаж “Зөрчил маргааныг зөөлрүүлэх, 2015 оны цөмийн гэрээг хэрэгжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах тал дээр голлох үүрэг гүйцэтгэхийг Ираны удирдагчдаас хүсч ятгах нь айлчлалын зорилго” гэж Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлж байна.
Мөн энэ удаагийн айлчлал хоёр улсын урт хугацааны найрамдал нөхөрлөлийг улам бэхжүүлэхэд тусална гэж албаныхан үзэж буй юм байна.
Япон улс Ирантай диломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ онд тохиож байгаагаас гадна Ерөнхий сайд Абэ Шинзо сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд Тегеранд айлчилж буй Засгийн газрын анхны тэргүүн болно гэдгийг сануулсан байна.
Иран, АНУ хоёрын харилцааг сайжруулах тал дээр Токио зуучлах эрмэлзэлтэй байгаа эсэхийг сэтгүүлчид Японы Засгийн газрын тэргүүнээс тодруулахад, “Япон улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангаж, тайван замыг эрэлхийлж ажиллахыг чармайж байна” гэж Ёшида Суга хариулсан байна.