Британийн эрх баригч Консерватив нам буюу Тори-гийн гишүүд намын шинэ даргаа сонгож байна. Энэ сарын 7-нд Их Британийн ерөнхий сайдын суудал, үүнтэй зэрэгцээд эрх баригч Консерватив намын тэргүүний суудлаасаа буусан хатагтай Тереза Мэйг залгамжлан Тори-гийн тэргүүнээр сонгогдох улс төрчийг сонгох үйл явц эхэлжээ. Британид Консерватив намын тэргүүний суудлын төлөө нэр дэвших улс төрчдийн албан ёсны бүртгэл явагдаж дуусчээ.
Хатагтай Мэй ерөнхий сайдын суудлаасаа огцорсон нь Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ тэргүүнийг сонгох үйл явцыг эхлүүлж, энэ хирээр тус намын гишүүдийн дунд намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн, цаашлаад Их Британийн дараагийн ерөнхий сайдын суудлыг эзлэх үйл явц эхэлсэн байна. Тереза Мэй энэ сарын 7-нд албан сэнтийгээсээ бууж, дараагийн хүн сонгогдох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Их Британийн Консерватив нам дараагийн тэргүүнээ 7-р сарын 20 гэхэд сонгосон байх учиртай юм. Намын шинэ тэргүүн Тори-г тэргүүлэхээс гадна улсынхаа засгийн газрыг тэргүүлнэ.
Тэгвэл Их Британийн эрх баригч Консерватив намын даргын суудлын төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэх үйл явц дуусч, энэ сарын 13-нд эхний шатны санал хураалт явагдах юм. Консерватив намын даргын суудлын төлөө 11 улс төрч нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.
Их Британийн эрх баригч Консерватив намын хувьд Брекситын асуудал мухардмал байдалд ороод байгаа өнөө цаг үед парламент дахь тори-гийн фракцийг нэгтгэн зангидаж, ЕХ-ноос салан тусгаарлах асуудлаас болж хуваагдаад байгаа гишүүдийн байр суурийг нэгтгэх хүн хэрэгтэй байгаа юм.
Улс төрийн ажиглагчид эдгээр нэр дэвшигчдээс Их Британийн гадаад хэргийн сайдын суудлыг хашиж байсан Борис Жонсоныг дараагийн тэргүүнээр сонгогдох хамгийн их магадлалтай улс төрч гэж тооцож байна. Тэрээр Британийн консерватив нам болоод Британийн сонгогчдын дунд хамгийн их олонд танигдсан, нэр хүндтэй улс төрч юм.
Түүнчлэн Жонсоныг гадаад хэргийн сайдын суудалд залгамжилсан Жереми Хантыг мөн намын даргын суудлын төлөөх чадалтай нэр дэвшигчдийн нэг гэж үзэж байна. Мөн Тори-гийн дараагийн даргын төлөөх кампанит ажлаа Брекситын асуудлаарх Британийн сайд асан Доминик Рааб мөн эхлүүлжээ. Тэрээр хатагтай Мэйн ерөнхий сайдын суудлаас огцрох гол шалтгаан болсон Брекситын асуудлыг гарын арван хуруу шигээ сайн мэднэ гээд, Консерватив намын даргаар сонгогдож, улмаар ерөнхий сайдын суудалд суувал энэ асуудлыг хамгийн зөв зүйтэй гаргалгаа гарган шийднэ гэж мэдэгджээ.
Тори-гийн даргын суудалд нэр дэвшигч, Их Британийн байгаль орчны сайд Майкл Гоув мөн Брекситын асуудлыг шийдэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж байна.