Хятадын өмнөд, зүүн өмнөд болон зүүн хэсгийн нутгаар сүүлийн бараг хагас сарын туршид усархаг бороо үргэлжлэн орж байгаа юм. Энэ байдлаас болж их хэмжээний газар нутаг үерт автаж, хөрсний гулгалт нуранги болж байгалийн гамшигт үзэгдэл нүүрлээд байна.
Хятадын Фузянь мужийн зүүн хэсэгт байрлах Юпин сууринд хөрсний нуралт, гулгалт болж, уулын өндөрлөг газрын дэргэд байрлах машины зогсоол руу мод чулуу хөрс нийлсэн нуралт болж, ихээхэн хохирол учруулжээ. Энэ явдал Юпин суурингийн хүнсний захын дэргэдэх машины зогсоол дээр болжээ. Уулнаас хөрсний нуралт бууж, зогсоол дээр байсан машинуудыг нөмөрснөөс нэг хүн амиа алдаж, олон тооны техник өртөн, хоёр машин ойролцоо байсан барилга руу түрж орсон байна.
Энэ сард түүнчлэн Хятадын Гуандун мужийн Янцзян тойрогт мөн хөрсний гулгалт нурангинаас болж 6 хүн амиа алдсан байна.
Нийтдээ Хятадад нүүрлэсэн байгалийн онц үзэгдлийн улмаас сүүлийн 7 хоногт 10-аад хүн амиа алдаад байна. Гуанси-Жуаны автономит дүүрэгт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа юм. Энд үер усны гамшгаас шалтгаалан 17 хүн амиа алдаад байгаа талаар Синьхуа мэдээлжээ.
Гамшигт үзэгдэлд Шанжао, Цзиань, Интань, Фужоу зэрэгт нийтдээ 2 сая гаруй хүн өртөж, 212 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.