Хятадын автомашин үйлдвэрлэгчид болон технологийн хэд хэдэн компани хамтран хамгийн сүүлийн үеийн 5G технологи суурилуулсан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан туршилтаар нэвтрүүлжээ.
5G технологи бүхий автобусыг Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотод нэвтрүүлсэн байна. Техник, технологи, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлэх зорилготой 5G технологи бүхий автобусыг хотын автомашины түгжрэл ихтэй дүүргүүдэд нэвтрүүлж байгаа юм.
Хятадын Geely хувийн автомашин үйлдвэрлэгч компани, China Mobile, Huawei зэрэг компаниудтай хамтран 5G технологи бүхий нийтийн тээврийн автобус нэвтрүүлж байна.
Энэ нь өөрөөсөө интернэтэд холбогдож, авто замын ухаалаг шийдэл бүхий боломжуудыг өргөнөөр ашиглах боломжийг нээжээ. Ийнхүү нэвтрүүлж байгаа технологийн дүнд зорчигчид тээврийн хөлсөө заавал бэлэн мөнгө, карт, эсвэл мобайлаар төлөх шаардлагагүй болж, зөвхөн нүүрээ таниулахад л болно. Хэрвээ нийтийн тээврийн хэрэгслээр гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа этгээд зорчвол мэдээлэл нь шууд цагдаагийн сүлжээнд очно.
Мөн шинэ технологи жолоочийн ажлыг хөнгөвчилж, авто замын хөдөлгөөний мэдээллийг шууд авахаас гадна дугуйндаа аюулгүй ажиллагааны тусгай датчикуудтай юм байна. Энэ нь эргэн тойрны хөдөлгөөнийг мэдэрч, аливаа аюулаас сэргийлэх мэдээллийг жолоочид өгнө. Түүнчлэн автобусан дотор янз бүрийн үүрэг бүхий 20-иод камер суулгаж, хөдөлгөөний эрчим, зорчигчдын тоо ачаалал зэргийг хянах зохицуулах боломжийг олгоно.