Япон улсын Засгийн газар Сөүлийг хоёр улсын харилцаанд ноцтой хохирол учруулсан гэж үзэж, Өмнөд Солонгост нийлүүлдэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавих арга хэмжээ авч байна хэмээн Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээлэв.
Харилцан итгэлцлийн харилцаанд ноцтой хохирол учруулсан тул итгэлцэл дээр тулгуурладаг хоёр талын худалдааны харилцааг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй боллоо гэж тэрбээр онцолжээ. Өмнөд Солонгост хийх экспортод хязгаарлалт тавьсан нь аюулгүй байдлыг хангах үүднээс авч хэрэгжүүлж буй алхам юм гээд эдгээр хориг арга хэмжээнд орж буй бүтээгдэхүүнийг цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэж японы тал үзэж буйг Ёшихидэ Суга тайлбарлажээ. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд харшлахгүй гэнэ.
Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко Өмнөд Солонгосын эсрэг тавьж буй хориг Японы зарим компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг үгүйсгэсэнгүй.
Хориг арга хэмжээнд төрөл бүрийн цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материал хамрагдаж байгаа аж. Эдгээрийг Өмнөд Солонгост нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагдах юм.
Мягмар гарагт Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин эдгээр материалуудын нийлүүлэлтийг бүрэн зогсоосноор Самсунг болон бусад цахилгаан хэрэгслийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд 3-4 сарын туршид саатал учирч болзошгүй гэж бичжээ.
2018 оны намар Японы Nippon Steel & Sumitomo Metal компанид ажиллаж байсан Өмнөд Солонгосын дөрвөн иргэнд нөхөн төлбөр олгох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш Токио, Сөүлийн харилцаа эрс хурцадсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эдгээр дөрвөн ажилчныг тус компанийн үйлдвэр дээр дайчлан, хагас боолын хөдөлмөр эрхлүүлдэг байсан гэж шүүх үзсэн байна. Японы Засгийн газрын зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, нөхөн төлбөр олгох асуудал 1965 онд Токио, Сөүлийн харилцаа хэвийн болох үед бүрэн шийдвэрлэсэн гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Nippon Steel & Sumitomo Metal корпорац эдгээр иргэдэд нөхөн төлбөр олгохоо зогсоосноос хойш Өмнөд Солонгосын тал тус корпорацын активыг хураах үйл явц эхэлсэн юм. Токио энэ асуудлыг олон улсын арбитрын шүүхэд шилжүүлэхийг шаардаж байгаа бол Сөүл энэ саналыг хүлээн авахгүй байгаа юм.