Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам боллоо

A- A A+
Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам боллоо

 

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны төлөөллүүд оролцов. Баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олондоо хандан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ жилийн наадам Налайхчуудын хувьд онцлог сайхан болж байна. Учир нь та бид бүхэн өөрсдийн хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэл, хамтын хүчээрээ спорт талбайгаа тохижуулж, Төрийнхөө их баяр наадмыг шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэж байгаад би баяртай байна. Мөн Нийслэлчүүд болон Налайхчуудын хувьд энэ жил бүтээн байгуулалт, хөдөлмөр бүтээл ундарсан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлсэн, олон сайхан төсөл хөтөлбөрүүд өрнөж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгалт, дөрвөн эгнээ 20.9 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байгааг та бүхэн мэднэ. Үүний зэрэгцээ Налайхын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах, иргэд оршин суугчидаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд олон ажлууд бидний хамтын хүчээр бий болж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсээд Налайхынхаа цэлгэр хөндийд налайтал сайхан наадацгаагаарай гэж ерөөе” хэмээлээ. Түүнчлэн хотын Захирагч айраг, түрүүнд хурдалсан соёолон насны морьдын бай шагналыг гардуулсан юм. Мөн баяр наадамд зориулан барьсан албан байгууллага, хороодын гэр, асраар зочилж, дүүргийн иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг нь сонсов. Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 256 бөх барилдан, зургаан насны шандаст хурдан хүлгүүд хурдалж, үндэсний сур, урианхай сур, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгүүллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс