ОХУ-ын тэнгисийн цэргийн 14 албан хаагч нууц даалгавар биелүүлж яваад амиа алджээ. Багийнхан цөмийн хөдөлгүүр бүхий шумбагч хөлгөөр зорчиж явсан бөгөөд хөлөг дэлбэрснээр энэхүү харамсалтай хэрэг болжээ.
Багийнхныг тус улсын хоёр дахь том хот Санктпетербургийн Серафимовскоегийн оршуулгын газарт өндөр зэрэглэлийн хамгаалалтын дор оршуулсан байна.
Тэднийг тус улсын хамгийн өндөр хүндтэй цол болох ОХУ-ын баатар цолоор нөхөн шагнажээ.
ОХУ-ын зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Энэхүү шумбагч нь албан ёсоор бүртгэлгүй байсны дээр даалгавар нь улсын нууцтай холбоотой байжээ.
“Багийнхан шатамхай бодис тээвэрлэж явсан бөгөөд гал алдсан. Улмаар цөмийн хөдөлгүүрийг хамгаалахаар ажиллах явцдаа хортой утаанд хордож амиа алдсан байна” гэж Кремлиэс мэдэгдлээ. Гэвч ихээхэн гайхашрал төрүүлж буй зүйл нь оршуулгын газрын хаалга бүрт цагдаа, цэргийнхний хамгаалалт гаргасан байсан юм. Энэ талаар нэгэн эх сурвалж AFP мэдээллийн агентлагт “Эдгээр хамгаалалт нь нууцыг чандлан хамгаалах гэсэнд оршиж байгаа байх” гэж мэдэгджээ.
Амиа алдсан багийн гишүүн Дмитри Соловьевийн найз Дмитри Размуслов AFP-д өгсөн ярилцлагадаа “Түүний эхнэр нь жирэмсэн байсан. Тэр бас маш хянамгай, аливаад ихээхэн анхааралтай ханддаг нэгэн байсан. Тэр буруу зүйл хийх ёсгүй” гэжээ.
Шумбагч хөлөг ОХУ-ын хойд нутгийн Североморск хотод олджээ. Албаныхны нууцлалыг үл харгалзан Оросын хэвлэлүүд энэхүү шумбагч нь S-12 эсвэл AS-31 дугаартай байсан бөгөөд “Лошарик” хэмээх хочтой байжээ. Уг хөлөг нь Арктикын тэнгисийн ёроолыг судлах ажиллагаанд явж байсан удаатай. “Новая Газета” сонинд цэргийн албаны нэгэн шинжээч “Шумбагч шинэ нууц төхөөрөмж турших ажиллагаатай холбоотой байсан байх магадлалтай. Эсвэл АНУ-ын далайн голдиролд төхөөрөмжийн туршилт хийж байсан байх боломжтой” гэжээ.
ОХУ нь Арктикийн тэнгисийн нутаг дэвсгэрийн хэсгийг эзэмшдгээрээ ихээхэн нэрд гарсан билээ.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин