Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан соёлын салбарын “ихэр” баатар, шинэхэн гавьяатуудаа салбарынхан нь угтан авч, баяр хүргэлээ.
Их жанжны талбайн хойморт Улсын филармонийн Морин хуурын чуулга алдарт “Монгол аялгуу”, "Сэрсэн тал"-ыг эгшиглүүлэн угтсны дараа үе үеийн уран бүтээлчдийн хайртай ордон “Соёлын төв өргөө”-г зорьсон юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монгол Улсын соёл урлагийн салбарын хөгжилд XX, XXI зууныг дамнан үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын жижигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров хэмээх эрхэм хоёр хүмүүн маань хосоороо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд үнэхээр баяртай байна. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан Э.Анхбаяр, Г.Энхбаатар хоёртоо баяр хүргэе” гээд цэцгийн баглаа өргөн барилаа.
Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров “Би Б.Шаравтайгаа 51 жил хөгжмийн гал тогоонд зүтгэж байна. Нэг өдөр зэрэгцэж зогсоод баатар гэдэг энэ том шагналыг авахдаа үнэхээр оргилж догдоллоо. Үнэхээр гайхамшигтай юм байна. Бид хоёр дуулж хөгжимдөж гайхуулсан юм байхгүй, тэгэхээр үнэн чанартаа бидний энгэрт байгаа энэ том хүндэтгэл бол бидний хөгжмийг хөгжимдөж, дуулж, бүжиглэж ирсэн та бүхний гавьяа зүтгэлийг бид энгэртээ наасан хэрэг боллоо. Та бүхэндээ үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа. Салбарын сайд таны үед ийм шагнал хүртсэндээ баяртай байна. Та богинохон хугацаанд соёлын салбарын аж ахуйн чиглэлийн олон асуудлыг гараанаас гаргаж өглөө, танд талархал илэрхийлье” гэлээ.
Мөн энэ өдөр хөнгөн атлетикийн ахмад тамирчин Т.Цэрэндолгор, Монголын хөлбөмбөгийн холбооны тамирчин, шилдэг хөлбөмбөгчин Б.Буман-Учрал нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын олон хүнийг төрийн дээд одон, медалиар шагнасан билээ.