АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Ормузын хоолойд дөхөж ирсэн Ираны дроныг устгасан тухай АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдлээ.
Нисгэгчгүй онгоцыг “Ю-Эс-Эс Боксер” десантын хөлөг онгоцны багийнхан устгасан гэнэ. Учир нь энэ дрон анхааруулгыг үл хайхран хөлөг онгоц руу дөхөж ирсэн ажэ. Тиймээс дроныг яаралтай сөнөөсөн гэж Дональд Трамп хэлснийг “Блүүмберг” агентлаг дамжууллаа.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф АНУ-ын хөлөг онгоц Ормузын хоолой орчимд ниссэн дроныг устгасан тухай мэдээлэл ирээгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Бидэнд нисгэгчгүй онгоцоо алдсан тухай мэдээлэл алга” гэж хэлсэн байна.
АНУ, Ираны харилцаа сүүлийн хэдэн сарын хугацаанд эрс ширүүссэн юм. Өнгөрөгч зургаадугаар сард Иран улс Ираны газар нутгийн усан дээгүүр ниссэн гээд Америкийн нэгэн дроныг устгасан байна. Мөн өнгөрсөн сарын сүүлчээр Ираны өмнөд эргийн мужид Ираны агаарын орон зайг зөрчсөн гэх тагнуулын дроныг устгажээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас дроныг нь устгасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Ормузын хоолойн олон улсын агаарын орон зайд нисч явсан гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сард Ираныг “том алдаа хийлээ” гэж мэдэгдсэн байна.