Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн тамирчид зусланд үнэ төлбөргүй амарна

A- A A+
Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн тамирчид зусланд үнэ төлбөргүй амарна

Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн тамирчидтай өчигдөр аймгийн Засаг дарга С.Насанбат уулзалт хийлээ. Тэртээ 1964 оноос эхлэлтэй шигшээ баг өнөөдрийн байдлаар 9-16 насны 24 тамирчинтай бөгөөд Ази тивийн болон олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилт үзүүлсээр иржээ.

Тамирчдын амжилтыг үнэлж цаашид улам хичээж орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөхийг аймгийн Засаг дарга С.Насанбат уулзалтын үеэр онцлоод бэлтгэл сургуулилалтаа Зулзагын гол зусланд үнэ төлбөргүйгээр хийх эрхийн бичиг, бэлтгэл сургуулилтын үеэр нэмэлт бүтээгдэхүүн авахад шаардлагатай нэг сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн юм.

Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн тамирчид хамгийн сүүлд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 тамирчин оролцож багийн дүнгээрээ 4 дүгээр байранд шалгарсан байна.

Монгол улсын өсвөрийн рекорд амжилтуудыг манай аймгаас өсвөрийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Д.Шинэбаяр 100 метрийн зайд, М.Мөнх-Оргил уртын харайлт, Н.Чиеэгүнбаатар бөөрөнцөг түлхэлтээр, Т.Солонго, М.Нандингоо, Ш.Нинжин, Г.Анужин нар 4x100 метрийн зайд шинэчлэн тогтоожээ.

Өсвөрийн шигшээ баг тамирчдын дунд Спортын мастер 1, Спортын дэд мастер 4 байдаг бөгөөд Монголын Хүүхдийн спортын наадамд хөнгөн атлетик төрлөөр 13 тамирчин оролцох эрх авч бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ