Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт боллоо. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 65 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлж, тус тэмцээний хошой аварга болсон.
Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон бөгөөд урамтай сайхан барилдаж Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, ОХУ-ын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга мөнгө, 74 кг-д ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн эзэн болов.Тамирчиддаа улам их амжилт хүсэн ерөөе