Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн зургаадугаар сард “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа эх орондоо зохион байгуулсан. 38 орны 1700 гаруй алба хаагч оролцсон тус нүсэр сургуулийн ард амжилттай гарсан даруй даа “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажилдаа шилжсэн билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдаж байна. Тухайлбал, зохион байгуулагч ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан болсон юм. Үүнээс өчигдөр өндөрлөсөн “Аравт” морин цэргийн уралдаанд Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцсон.
ТЕХНИК ХҮРЭХ БОЛОЛЦООГҮЙ ГАЗАРТ ЦЭРГИЙН ХҮНД ХАМГИЙН ОЙР ТУСЛАГЧ НЬ МОРЬ
Тус уралдааны талаар “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ: “Дэлхийн орнуудад хурдан морины уралдаан явагдаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ цэрэг хүний хөдөлмөрийг морин марштай хослуулсан ийм уралдаан хэзээ ч, хаана ч болж байгаагүй. Түүгээрээ маш онцлог. Цэрэг хүн эх орноо хамгаалах ариун үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ морийг хэрхэн, яаж ашиглах вэ гэдгийг “Аравт” уралдаан харуулж чадна. Техник хүрэх бололцоогүй газарт цэргийн хүнд хамгийн ойр туслагч нь морь гэдгийг энэ уралдаанаас харах боломжтой. Энэ бол нэгдүгээр онцлог. Хоёрдугаар онцлог нь “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд энэ уралдааныг зөвхөн Монгол Улсын Зэвсэгт хүчин зохион байгуулж чадна гэсэн итгэл юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд итгэл хүлээлгэж, уг уралдааныг зохион байгуулах санал тавьсны дагуу “Аравт” уралдааныг өнгөрсөн онд Зэвсэгт хүчний анги, байгууллагын хүрээнд дотооддоо зохион байгуулсан. Уралдаан амжилттай явагдаж, олон улсын хэмжээнд зохион байгуулж болох юм байна хэмээн саналыг нь хүлээж авсан. Энэ уралдааныг зохион байгуулсан нь БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги, салбарын хамтын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн” хэмээсэн билээ. Энэ сарын 3-8 болсон “Аравт” уралдаан дүнгээ гаргахад Алсын зайн маршид Монгол Улс тэргүүлж, Киргизстан дэд байрт шалгарч, Казахстан, ОХУ-ын тамирчид удаалсан. Харин ойрын зайн маршид Казахстан түрүүлж, Монголын тамирчид аман хүзүүдэж, ОХУ, Киргизийн баг удаалав. Ийн нийлбэр дүнгээр “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулсан “Аравт” морин цэргийн уралдаанд Монгол Улс аваргалж, Казахстан мөнгө, Киргизстан, ОХУ-ын баг хүрэл медаль хүртэв. Тус уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, Казахстаны улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны Элчин сайд, генерал, офицерууд оролцов. Ерөнхийлөгч Х.Баттулга “Аравт” уралдааны хаалтын ажиллагаанд хэлсэн үгэндээ “Морьтон монголчуудын эх оронд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие нэн баяртай, гүн талархалтай байна. Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдалд монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна. ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг “Цэргийн тоглолт” олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр “Аравт” морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байгаа. “Аравт” морин цэргийн тэмцээн юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. Түүнчлэн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг ханган бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлыг хамтын хүч, нягт ажиллагаагаар хангах бэлтгэл болж, итгэлцлийг нэмэгдүүлж байна. “Цэргийн тоглолт” олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон. Энд дурдахад, “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах морин цэргийн уралдааныг Казахстан, Киргиз улс өөрийн орондоо зохион байгуулах сонирхол өндөр байсан гэдэг. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчин морин цэргийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маш өндөр түвшинд зохион байгуулснаас гадна манай баг аваргалсан нь
Түүнчлэн хаалтын ёслолын хөтөлбөрт багтсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын морин цэргийн хөгжимтэй үзүүлбэр болон морьтон баатруудын үзүүлэх тоглолт гадны зочид төлөөлөгчдийг гайхшруулсан, монголчууддаа огшоож, уухай хадаасан үйл явдал болов. Ийн шагнал гардуулах ёслол эхэлж, түрүүлсэн багт ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны аваргын цомыг хүлээлгэн өгсөн билээ. “Аравт”-д аваргалсан ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрдсэн. Тус багийн тамирчид Зэвсэгт хүчний уралдаан, тэмцээнүүдийн тэргүүн эгнээнд явдаг билээ.