Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг оролцож, нийт баг тамирчдад амжилт хүсэв.
Сайд тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Олон улсын холбооны удирдлагуудад талархал илэрхийлээд, энэхүү тэмцээнээр дамжуулан улс үндэстэн, ард түмний хамтын ажиллага өргөжин тэлж, эерэг хандлага, уур амьсгалыг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Казах курес бөхийн тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин зодоглож байгаа юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос зохион байгуулагч орны давуу эрх эдлэн жин тус бүрт хоёр, үнэмлэхүй жингийн тамирчинтай нийлээд 17 бөх хүч сорьж байна.
Азийн АШТ-ий жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэнийг нь 300 ам.доллароор шагнана. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх гурван мянган ам.долларын шагнал хүртэнэ.