ХОНКОНГИЙН ЭРХ БАРИГЧИД ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТЖЭЭ

A- A A+
ХОНКОНГИЙН ЭРХ БАРИГЧИД ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТЖЭЭ

​Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лэм ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч, зуны 3 сар үргэлжилсэн жагсаал цуглааны гол шалтаг шалтгаан болоод байсан эх газрын Хятадтай ялтан солилцох тухай хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үйл явц өнгөрсөн 6-р сард эхэлсэн иргэдийн жагсаал цуглааны дараа түр зогсоод байсан ч Хонконгийн эрх баригчид тухайн үед хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан ч эргүүлэн татаагүй, парламентаар хэлэлцэх хугацаагаа хүлээж байсан юм.

Хонконгийн иргэд арлын засаг захиргаа эх газрын Хятадын шууд нөлөөнд автаж, ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэсэн, ардчилал, эрх чөлөөт байдлаас ухарсан шийдвэр гаргах гэж байсныг эрс эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглаан өрнүүлсэн юм. Иргэдийн жагсаал хүрээгээ тэлсээр цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөхөөс гадна улсынхаа онцгой объектууд болох нисэх буудал, парламентын ордон зэргийг хаан, дайрч танхайрсан үйлдлүүд гаргаж байжээ.

Тэгвэл Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лэм сая буулт хийсэн шийдвэр гаргаж, телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Хятадтай ялтан солилцох хуулийн төслийг эргүүлэн татсан төдийгүй жагсагчдыг номхотгож, тараах хэд хэдэн алхам авах болно гэдгээ ч мэдэгджээ.

Одоогоор Лэм дээрх шийдвэрийг бие даан гаргасан уу, эсвэл Бээжингээс өгсөн удирдамжийн дагуу ийм шийдвэрт хүрсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.