Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх зорилгын хүрээнд Монголын Хүүхдийн спортын VI наадмыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, спортын холбоод хамтран зохион байгуулж байна. Нэг, хоёрдугаар шатанд шалгарсан тамирчид спортын 34 төрлөөр шигшээ шатанд өрсөлдөхөөр 21 аймаг, есөн дүүргээс Улаанбаатар хотноо ирээд байна. Хүүхдийн спортын VI наадмын нээлт 2019 оны есдүгээр сарын 10 нд Буянт-Ухаа спорт цогцолборт ёслол төгөлдөр эхэллээ.
Наадмыг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нээж, тамирчдад амжилт хүслээ. Тэрээр, “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шийдвэрлэсэн. Энэ нь өсвөр үеийнхний дунд биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно” гэдгийг онцлоод тамирчдад амжилт хүслээ.
Наадмыг Олон улсын хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүд болон Монгол Улсад түгээмэл хөгжиж буй спортын төрлүүдээр зохион байгуулж байгаа бөгөөд паралимпийн спортын 4, дифлимп, тусгай олимпийн спортын төрлөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог хангаж буйгаараа онцлог болж байна.
Наадам 2019 оны есдүгээр сарын 7-ноос 15-ны хооронд үргэлжилнэ