Умард Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээрээ сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийлснийхээ дараа пуужингийн ээлжит туршилтаа явуулжээ. Өмнөд Солонгосын албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын тал нийслэл Пхеньян хотын өмнөд захаас хоёр удаа харвалт хийсэн байна. Ингэхдээ ямар төрлийн харвалт хийсэн нь тодорхойгүй байгаа юм.
Пхеньяны тал чухам ямар төрлийн зэр зэвсгийн харвалт хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч Япон тэнгисийн зүг харвасан болохыг мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пхеньяны харвасан пуужин 330 км-ийн зай туулаад тэнгисийн уснаа туссан байна.
Японы батлан хамгаалахын сайд Такеши Ивая Пхеньяны дээрх үйлдлийн дараагаар хийсэн мэдэгдэлдээ: -Бид одоогоор Умард Солонгосын талын харвасан пуужингийн талаарх мэдээллийг цуглуулж, дүгнэлт хийхээр ажиллаж байна. Япон улсын газар нутаг, тэр дундаа манай эдийн засгийн бүс нутаг энэхүү харвалтад өртөөгүй. Бидний таамаглалаар Умардын тал өөрийн пуужингийн технологио сайжруулахын тулд пуужингийн харвалт хийж байгаа бололтой...гэжээ.
Өнгөрсөн 6-р сард болсон АНУ болон Умард Солонгосын тэргүүлэгчдийн уулзалтын дараагаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хөндөж эхэлсэн. Гэсэн ч тэрхүү уулзалтаас хойш, тодруулбал өнгөрсөн 7-р сараас хойш Пхеньян 8 дахь удаагаа пуужингийн туршилт явуулаад байгаа юм. Шинжээчид энэ алхмыг Пхеньян Вашингтонд ийм арга замаар дарамт үзүүлж, Умард Солонгосын эсрэг тавьсан хоригийг сулруулж, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг хүсч байна гэж дүгнэж байна.