Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Олон улсын сонгомол морин спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн бүс хариуцсан дарга Жак Ч.Хуангийг хүлээн авч уулзлаа.
Ноён Хуанг Олон улсын сонгомол морин спортын холбоонд Монголын уламжлалт болон сонгомол морин спортын холбоог элсүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд олон улсын чанартай уралдаан, тэмцээн, олимпийн наадамд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Сонгомол морин уралдаан нь хоёр төрөлтэй бөгөөд холын зайн уралдаан нь Монголд ихээхэн тохиромжтой гэв.
Монголчууд эрт цагаас адуунд эрэмгий хэдий ч морин уралдааныг спорт гэхээсээ илүүтэй наадам цэнгэлийн хэлбэрээр хөгжүүлж ирсэн гэдгийг салбарын сайд онцлоод цаашид спортын агуулгаар хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэх, тухайлбал мэргэжлийн багш, дасгалжуулагч бэлтгэх, сургалтын төв байгуулах, туршлага хуримтлуулсан улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтооход бодлогын дэмжлэг, техник, арга зүйн туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Уламжлалт болон сонгомол морин спорт нь монгол хүний онцлогт тохирсон, амжилт гаргах боломжтой төрөл юм.