Энэ сарын эхээр Багамын арлуудын нутгаар шуурсан Дориан далайн хар шуурганы улмаас Атлантын далайн эрэг дагуух байрлах энэ арал улсын 2,500 гаруй иргэн өнөөдрийг хүртэл сураггүй алга болсонд тооцогдсон хэвээр байна. Арал дээр байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг арилгах ажил үргэлжилсээр байгаа юм.
Атлантын далайн уснаа дэгдсэн Дориан нэр авсан далайн хар шуурга 9-р сарын 1-нд Багамын арал хүрч шуурсан юм. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Багамын арал дээр ихээхэн гамшиг сүйрэл учирч, өргөн зурвас газар нутаг үер усны гамшигт автжээ. Гамшгийн улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 50 гаруй хүн амиа алдаж, өнөөдрийн байдлаар 2,500-аад хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна. Түүнчлэн гамшгийн бүсэд 13 мянган барилга байшин үерт автан нурж сүйдэн, арлын дэд бүтцэд их хэмжээний хор хохирол учирчээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр Багамын арлууд руу 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг илгээж, арлын иргэдэд нэн даруй шаардлагатай байгаа тусламж, хэмжээ зэргийг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын салбар байгууллагууд Багамын арлууд руу 15 мянган нэгж бэлэн хоол, цахилгаан үүсгүүр, генератор, холбоо харилцааны хэрэгсэл, ундны цэвэр ус, ус цэвэршүүлэгч, канистр зэргийг тусламж болгон илгээгээд байгаа юм. Түүнчлэн ойрын хугацаанд Багамын арлууд руу дахин 8 тонн хоол хүнс болон наад захын хэрэгцээний зүйлс илгээхээр ажиллаж байна.