НҮБ-ЫН ЕА-Н 74 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

A- A A+
НҮБ-ЫН ЕА-Н 74 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Энэ 9 дүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх байр суурийг илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг дурдаж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын хэлэлцдэг сэдэв нь эрчим хүч, дэд бүтэц, ногоон хөгжил, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамрах болсныг онцлов.

Тэрээр Улаанбаатар хотноо байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь эдгээр орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилтыг даван туулах арга замын талаар баримтад сууриласан зөвлөмж гаргаж, бүс нутгийн болон олон улсын хурал, семинар зохион байгуулж байгааг мэдээлэв. Ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэхэд олсон туршлагаасаа хуваалцан, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Peacebook Forum” хэлэлцүүлгийг Facebook компанитай хамтран зохион байгуулсныг онцлон тэмдэглэлээ.