Английн нийслэл Лондон хот болон дэлхийн бусад томоохон хотуудад Extinction Rebellion байгууллагаас санаачлан зохион байгуулсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль хамгаалагч, эко идэвхитнүүдийн жагсаал цуглаан болж байна. Extinction Rebellion байгууллага нь улс орнуудын засгийн газраас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, байгаль экологи, цаг уурын дулааралтай тэмцэхэд зориулж онцгой байдал тогтоон, тодорхой ажил хийж, үүрэг хүлээхийг шаардан 2018 онд байгуулагджээ.
Тэгвэл өнөөдөр энэ байгууллагын санаачлага, уриалгаар зохион байгуулж байгаа жагсаалд дэлхийн 60 гаруй хот нэгдээд байна. Лондон хотын гудамжинд цугласан олон Английн засгийн газрын барилга байгууламжийн өмнө жагсаал цуглаанаа явуулж, улмаар тэднийг цагдаа хүчнийхэн замыг нь хаан тараахыг завджээ.
Австралийн Сидней хотын төв зам дагуу жагсагчид зам хаан суулт зохион байгуулжээ. Энэ үеэр цагдаа нар авто замыг чөлөөлөхийн тулд жагсагчдыг хүчээр тараахыг завдаж, 30-аад хүнийг баривчилсан байна. Сидней хотоос гадна Австралийн Мельбурн болон Брисбен хотуудад мөн эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм.
Шинэ Зеландын Веллингтонд байгаль хамгаалагчид нефть хийн салбарын зөвшөөрөл олгодог засгийн газрыг барилгыг бүслэн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийжээ.
Нидерландын Амстердам хотод цагдаа хүчнийхэн Рейксмюсеум Үндэсний музейн өмнө майхан хотхон байгуулсан 50 хүнийг саатуулжээ.
Германы нийслэл Берлин хотод жагсагчид мөн л гол авто замыг хаан, эсэргүүцлээ илэрхийлж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлджээ.
Францын нийслэл Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид “шар хантаазтан”-дтай нэгдэн, хотын төвийн томоохон худалдааны төвийг эзлэн эсэргүүцлээ илэрхийлж байна.