НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

A- A A+
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

`

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны энэ 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл”-ийн асуудлаарх тайланг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас танилцуулав. Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох асуудал “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэл бөгөөд 2018 оны байдлаар дэлхий дээр 820 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай, 2 тэрбум хүн тэжээллэг, эрүүл хоол хүнс авч чадахгүй байгааг тайланд дурджээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 25 хувь бууруулах, бэлчээр, тариалангийн зориулалтаар ашигласан газрыг хамгаалах шаардлагатайг тайланд тусгасан байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч  С.Сүхболд энэ хуралдаанд үг хэлж, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон сорилт болж, экосистемд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэв.

НҮБ-ын ЕНБД-ын тайланд экосистем, хөрс хамгаалах асуудлыг тусгасан нь ач холбогдолтой болсныг тэрээр дурдаж, Монгол Улсын Засгийн газар тогтвортой бэлчээрийн менежментийн асуудлыг чухалчилж буйг онцоллоо.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дөрөвдүгээр чуулганы үеэр дэвшүүлсэн “Олон улсын бэлчээрийн жил зарлах тухай” санаачлагыг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, гишүүн орнууд, оролцогч талуудыг бэлчээр хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежментийн асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг уриалав.