ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Арабын Нэгдсэн Эмират улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Персийн булангийн өмнөд хэсэгт байрлах Арабын хойгийн энэ улсад ОХУ-ын төрийн тэргүүнийг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
ОХУ-ын төрийн тэргүүнийг Абу Дабигийн нисэх онгоцны буудалд Арабын Нэгдсэн Эмиратын үе залгамжилсан хунтайж Мухаммед бен Заид аль Нахайян болон Эмиратын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн орлогч угтан авсан байна. Оросын төрийн тэргүүний хувьд сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаагаа Арабын Нэгдсэн Эмиратад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа юм. Владимир Путин Абу Дабид Саудын Арабт хийсэн айлчлалаа өндөрлөөд хүрэлцэн ирсэн байна. Айлчлалын үеэр Орос, Эмиратын талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлэх асуудлаар нүүр тулсан яриа хэлэлцээр явуулахаас гадна олон улсын анхаарал татсан сэдвүүд, тэр дундаа Сири, Йемен, Ливи дэх өнөөгийн нөхцөл байдал, Персийн булангийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм. Сүүлийн жилүүдэд Орос, Эмиратын талууд харилцаагаа ойртуулж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү хамтран ажилласаар иржээ. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 2 тэрбум долларт хүрч, цаашлаад худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх хүсэл сонирхолтой байна.