Японы ерөнхий сайд Шинзо Абэ улсынхаа засгийн газарт Хагибис далайн хар шуурганд өртсөн бүс нутаг, хүн амд шаардлагатай тусламж дэмжлэгийг цаг алдалгүй хүргэхийг үүрэгджээ.
Абэ энэ талаар ням гарагт хийлгэсэн засгийн газрын шуурхай хуралдаан дээрээ мэдэгдэж, улсын нөөц хөрөнгөнөөс гамшигт нэрвэгдсэн бүсийн иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэхийг даалгасан байна. Энэ зорилгоор Японы засгийн газрын нөөц хөрөнгөнд энэ санхүүгийн жилд тусгагдаад байгаа 500 тэрбум иенээс шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргуулахаар заажээ. Арлын Японд долоо хоногийн өмнө нүүрлэсэн Хагибис далайн хар шуурганы улмаас их хэмжээний газар нутаг өртөн, үерт автсан юм. Гамшгийн улмаас ХАА-н газар тариалангийн талбай сүйдэж, загасны аж ахуй эрхлэгчид, фермерын аж ахуй эрхлэгчид ихээхэн хохирол амсчээ. Тиймээс гамшигт өртөн хохирол амссан иргэдийн амьжиргааг босгохын тулд тэдэнд улсаас шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай байгаа юм.