Хонконгод өнгөрсөн амралтын өдрүүдэд олныг хамарсан жагсаал цуглаан дахин эрчтэй үргэлжилж, жагсагчид хотын төвд үймээн самуун дэгдээжээ. Хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч, бороохой ашиглан, 200-аад хүнийг баривчлан саатуулсан байна.
Хонконгийн хууль сахиулагчид гудамжинд гарч жагсаал цуглаан хийсэн хүмүүсийг олон нийтийн эмх журмыг зөрчиж, хууль бусаар эсэргүүцлийн ажиллагаа явуулсан, мөн зориудаар танхайрч, улсад болоод хувийн аж ахуйн нэгжүүдэд хор хохирол учруулсан зэрэгт буруутган баривчлан саатуулах ажиллагаа явуулжээ. Түүнчлэн жагсагчдыг олон нийтийн газарт, хүн олноор цугласан үед амны хаалт маск зүүж, зориудаар нүүрээ далдлан нуусанд буруутай гэж үзсэн байна.
Ням гарагийн байдлаар Хонконгод цагдаа хүчнийхэн болон жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр 54 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Нэг хүний биеийн байдал хүнд, 23 хүний биеийн байдал дунд зэрэг, үлдсэн 30 хүнд үзлэг хийсний дараагаар явуулсан гэнэ.
Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчид жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсгэж, хотын метро болоод Хятадын Синьхуа мэдээллийн агентлагийн орон нутаг дахь салбарын барилга руу нэвтэрч, 1-р давхрыг нь галдан шатааж танхайрчээ. Хонконгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус, нулимс асгаруулагч хий, бороохой зэргийг ашигласан байна.
Хонконгод дэгдсэн жагсаал цуглааны үеэр “Сити Плаза” худалдааны төвийн дэргэд нэгэн эрэгтэй жагсагчид руу хутга барин дайрсан хэрэг гарчээ. Түүний халдлагад 6 хүн өртөн гэмтсэний дотор Хонконгийн сөрөг хүчний Ардчилсан намын тойргийн зөвлөлийн гишүүн байгаа юм. Халдагч этгээд түүний чихийг хазан тасадсан байна.
Ийнхүү жагсагчид руу халдсан этгээд цагдаа хүчнийг ирэх хүртэл бусдад зодуулсан байна. Түүний халдлагад өртсөн 5 хүнийг эмнэлэгт хүргэж, 2-ынх нь биеийн байдал тааруу байгаа гэнэ. Энэ өдөр мөн Хонконгийн цагдаа нар “Нью Таун Плаза” худалдааны төвийн дэргэд мөн жагсагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ. Жагсагчид Ша Тин метроны буудлын дэргэд эмх замбараагүй байдал үүсгэснээс шалтгаалан худалдааны төв рүү орох зам хаагдаж, жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болсон байна. Түүнчлэн энэ өдөр Виктория цэцэрлэгт хүрээлэн, Козуэй-бэй худалдааны дүүрэгт мөн олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн байна.