Иранд мөрдөж эхэлсэн шинэ хууль журмаар автомашин эзэмшигчдэд сард литр тутмыг нь 15 мянган риал буюу 13 центээр 60 литрээс ихгүй бензин худалдан авах эрх олгон, хэрвээ нэмэлт бензин авахаар бол литр тутмыг нь 30 мянган риал буюу 90 центээр зарахаар тогтон хэрэглээг хязгаарлажээ.
Тэгвэл шинэ журам мөрдөгдөж эхлэхээс өмнө жолооч нарт 250 литр хүртэлх хэмжээний бензинийг лит тутмыг нь 10 мянган риал буюу ойролцоогоор 30 центээр зардаг байжээ. Тэгвэл ийнхүү Ираны эрх баригчид шатахууны салбарт улсаас олгож байсан хөнгөлөлтийг цуцалж, төсвөө танаснаар хэмнэсэн мөнгөө ядуу, бага орлоготой айл өрхөд тэтгэмж болгон олгохоор өөрчилсөн байна. Ираны төсвийн байнгын хорооны тэргүүн Мохаммад Бакер Нобахтын мэдээлснээр энэ сараас эхлэн Ираны 18 сая айл өрхөд улсаас нэмэлт мөнгөн тэтгэмж олгож эхлэх гэнэ.
Тэгвэл Ираны эрх баригчдын дээрх шийдвэрийн дараагаар энэ улсын хотуудад иргэд гудамж талбайдаа гаран эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Ираны иргэд төр засгаас бензин шатахууны үнийг нэмснийг эсэргүүцэж байгаа юм. Иранд улсаас түлш шатахууны үйлдвэрлэлд олгож байсан хөнгөлөлтийг хүчингүй болгосноор бензины үнэ бараг 50%-иар нэмэгдсэн байна. Гэвч Ираны эрх баригчид эндээс төсөвт үлдэж байгаа мөнгийг ядуусын амьдралыг дээшлүүлэх, тэдэнд чиглэсэн нийгмийн халамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах болно гэж мэдэгдэж байгаа юм. Ираны Сиржан хотод болсон жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, 2 хүн шархаджээ. Ираны ИРНА мэдээллийн агентлагийн дамжуулснаар энд жагсагчид түлш хадгалдаг агуулах руу дайрч, галдан шатаахыг завдах үеэр жагсагчид болон цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн болсон байна. Түүнчлэн Бехбехан хотод нэг хүн жагсаал цуглааны үеэр мөн амиа алджээ. Түүнчлэн жагсаал цуглаан өрнөсөн хотуудад машинтай иргэд хотын гол гудамж талбайг хааж, машины хөдөлгөөнийг зогсоосон байна.