Монголын Балетын Хөгжил Сан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран балетийн урлагаар дамжуулан хүүхэд залуусыг дэмжих, дэлхийн соёл, сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах, хүүхэд залууст бие бялдар гоо зүйн мэдлэг олгох, улмаар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Тус сангийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг энэ үеэр “Сонгодог урлаг тэр тусмаа балет бол хүүхэд залуус гэлтгүй хүн бүрт гоо зүй, бие бялдрын өв тэгш хөгжлийг өгдөг. Түүнчлэн хүүхдийн төдийгүй гэр бүлийн хүмүүжил, соёл, уур амьсгалд гайхамшигтай сайхнаар нөлөөлдөг урлаг юм. Тиймээс өнөөдөр тулгамдаад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хөгжлийг зөв залуурдахад балетын урлаг томоохон нөлөө үзүүлж чадна. Балетаар зөвхөн боломжтой хүмүүс биш, бүжиглэдэг хүмүүс биш, хүн бүр хичээллэж болно. Энэ урлагаар дамжуулан бүх насныханд өөр өөрийн гэсэн олон сайхан үр дагаварууд гардаг юм аа гэдгийг хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. Өнөөдөр НАМЭХ маань энэ хүсэл эрмэлзлэлийг маань дэмжиж бас хамтран ажиллах гэж байгаад таатай байна" гэдгээ энэ үеэр онцоллоо.
Санамж бичгийн хүрээнд балетын улсын болон олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзүүлэх, цаашид тэднийг биечлэн оролцуулах, балетаар хичээллүүлэх гэхчилэн олон санал санаачилгыг санамж бичигт тусгасан байна.