ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН 14 ДҮГЭЭР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

A- A A+
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН 14 ДҮГЭЭР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 14 дүгээр уулзалт 2019 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Испанийн Хаант Улсын Мадрид хотноо болов.Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтыг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Хосеп Борелл даргалж, АСЕМ-ын түнш нийт 53 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, өндөр түвшний бусад албан тушаалтнууд оролцов. Монгол Улсаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Гадаад хэргийн сайд нарын 14 дүгээр уулзалт “Ази, Европ тив – үр ашигтай олон талт хамтын ажиллагааны төлөө хамтдаа” сэдвийн дор болж, АСЕМ-ын түнш улсууд Ази, Европын улсуудын нийтлэг ашиг сонирхол бүхий асуудлууд болон дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгууд, тив хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, төгсгөлийн баримт бичгийг батлав.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Ази, Европ тив хооронд тогтвортой уялдаа холбоог бий болгох нь” сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг”-ийг байгуулсан нь хоёр тив хооронд үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс уялдаа холбооны чиглэлээр Ази, Европын улсуудаас санаачлан хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

14 дүгээр уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Ирланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, худалдааны сайд Саймон Ковнигтой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.