Японы эрх баригчид Номхон далайд байрлах Нишино-шима арал дээр галт уул сэрж оргилсноос энэ бүсэд онцгой байдал зарлан, аюулын түвшинг нэмэгдүүлсэн байна. Арал дээр байрлах галт уул сэрж оргилон, халуун хайлмаг, үнс нурам цацаж байгаа юм.
Нишино-шима арал нь Японы Огаса-вара арлуудаас баруун зүгт 130 км зайтай байрлах Чичизимагийн ойролцоо байрладаг юм. Энд хамгийн сүүлд 2013 онд галт уул сэрж байжээ. Тэгвэл энэ удаад 12-р сар гарсны дараагаар арал дээрх галт уул сэрж оргилсноос Японы эрх баригчид энэ бүсэд онцгой байдал зарлаж, хөлөг онгоцнуудыг арлыг тойрч явахыг зөвлөж байна. Японы эргийн хамгаалалтынхан галт уулын байдлыг агаараас ажиглалт хийж байгаа юм. Тэдний мэдээлснээр галт уулын хойд бэл дагуу галт уулын оройгоос оргилж байгаа халуун хайлмаг далайн ус руу урсаж эхэлжээ. Энэ байдлаас шалтгаалан арал руу 2,5 км-ийн радиуст ойртохгүй байхыг анхааруулж байгаа юм.