Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн болов

A- A A+
Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн болов

Монголын даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулжээ.

Аймгийн Засаг дарга, даамын холбооны салбар зөвлөлийн дарга Б.Дүгэржавын санаачилгаар анх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн есөөс 62 хүртэлх насны 64 тамирчин оюун ухаанаа сорьсон байна.

Тэмцээнийг швейцарь системээр, нас харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр явуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд, Увс аймгаас оролцсон Дэлхийн даамын холбооны мастер Ц.Улаанхүү түрүүлж, Монгол Улсын дэд мастер Ховдын Д.Ням-Очир хоёрт, Монгол Улсын дэд мастер Увсын Ц.Одонхүү гуравдугаар байрт орсон бол тусгай байрт Монгол Улсын дэд мастер Баян-Өлгийн Б.Нурлан шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд, Монгол Улсын дэд мастер Увсын Б.Тунгалагтамир түрүүлж, Даамын спортын I зэрэгтэй Увсын Г.Туул, Дэлхийн даамын холбооны мастер Увсын Ц.Мягмарсүрэн нар тус тус удааллаа.

Тусгай байрт Ховд аймгаас оролцсон Монгол Улсын дэд мастер М.Оюунчимэг шалгарсан байна.